ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
2023-01-25 Админ Хандсан тоо: 173 ХуваалцахТоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023.01.17-ны өдрийн 01
Тоймын дугаар, огноо: №2 2023.01.25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Шүүгдэгч Ө нь нэг байгууллагын ажилтан Б, Ч, Н, У нарын гарын үсгийг ашиглаж, өөрийн төрсөн эцгийг ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж улсын төсөвт 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэмт хэрэг холбогджээ.
Прокуророос түүний үйлдлийг “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр зүйлчилж, шүүгдэгч Ө-г хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр “цагаатгаж” шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч, прокуророос гаргасан эсэргүүцэлдээ “... шүүгдэгчийн үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн хувьд тодорхойгүй, ойлгомжгүй болсон” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө-ийн үйлдэл нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байна”, “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна” гэж тус тус дүгнэсэн атлаа цагаатгах тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй, түүнчлэн, “тухайн үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь хөдөлбөргүй тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа хохирлыг
шийдвэрлээгүй орхигдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлага хангаагүй гэж давж
заалдах шатны шүүх дүгнэжээ.
Аливаа гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үр дагаварт хүргэдэг боловч энэ нь шүүгдэгчийн цагаатгаж шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй юм.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын
дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцах боломжтой.
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр