ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН НАСЫГ АНХААРНА.
2023-01-09 Админ Хандсан тоо: 186 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022.08.05-ны өдрийн 125/ШШ2022/0022
Тоймын дугаар: №3, 2023.01.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны Б/03 дугаар захирамжаар Х.С-г тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлтээ гаргаагүй, надад сонсох ажиллагаа явуулаагүй, тэтгэмжээ аваагүй, тэтгэврээ тогтоолгоогүй, үрчилж авсан хүүхэд нь 6 нас хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж маргасан.
Харин хариуцагч Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжаа “... Х.С өөрийн хүргэн болох Болор-Эрдэнийн хүүг өөрсдийн нэр дээр үрчлэн авч Алдарт эхийн 2 дугаар одонгийн болзол ханган одон авч тухайн жилээс эхлэн одонгийн мөнгө авч байгаа, сумын санхүү албанд 2022 оны 07 дугаар сарын 06 өдөр тэтгэмж тэтгэвэр тогтоолгохыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөдлийг гаргасан”
гэж тайлбарласан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаас харахад нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн хэдий ч түүний үрчилж авсан хүүхэд нь 6 нас хүрээгүй байхад хариуцагч хууль зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Мөн хэргийг шийдвэрлэх явцад Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Б.Билгүүннаранг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч нь ажиллах хөдөлмөрлөх боломжгүй, нөгөө талаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:https://shuukh.mn/single_case/10383?daterange=2022-08-01%20-%202023-01-09&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор