ЭД ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ОЛЖ АВСАН ҮЙЛ БАРИМТ НЬ ХУУЛЬ БУС БОЛОХ НЬ ТОГТООГДСОН БОЛ УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.
2023-01-09 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2021.06.25-ны өдрийн 125/ШШ2021/0012

Тоймын дугаар, огноо: №4, 2022.01.09.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Ж.М нь газар өмчлөгч нөхөр Д.Б-ийг нас барсны дараа нэр бүхий этгээд түүний гарын үсгийг хуурамчаар зурж өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч газрыг худалдсан, улмаар уг газар удаа дараа бусдын өмчлөлд дамжин шилжсэн хууль бус үйлдлийн талаар хожим мэдэж маргаан үүсгэжээ.
Маргаан 2-3 жилийн хугацаанд үргэлжилж, эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн үед газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагад ажиллаж байсан ажилтныг газрын гэрчилгээг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, иргэний хэргийн хэргийн шүүхийн шийдвэрээр гарын үсэг хуурамчаар үйлдэж өвлөх гэрчилгээ олгож, худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож тус тус шийдвэрлэсэн байна.
Эрүү, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгэгдсэн газрын өмчлөгч бус этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүхээс улсын бүртгэлийн байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүртгэлийг өөрчлөн бүртгэх боломжтой гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийг газрын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр эсхүл бүртгэлтэй өмчлөгч буюу гуравдагч этгээдийн зөвшөөрлийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэж тайлбарлаж бүртгэлийг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгч бүртгэлийг хүчингүй болгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор дахин захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд газар өмчлөгч Д.Б нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй нас барсан байх тул хууль ёсны өвлөгч буюу эхнэр болох нэхэмжлэгч Ж.М-д газрын өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүссэн байна.

Нэгэнт өв хүлээн авах өвлөгчөөр бүртгэх үйл явц хууль бус явагдсаны улмаас түүнд үндэслэн хийгдсэн газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон байхад уг гэрээг үндэслэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлээ
хүчингүй болгохгүй “улсын бүртгэлд бүртгэх тухай шүүхийн шийдвэр байхгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус бөгөөд шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд хандуулахаар нэхэмжлэгчийг чирэгдүүлсэн, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/8077?daterange=2021-01-01%20-%202023-01-09&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл