ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОЛОНХИ БУЮУ 50-ИАС ДЭЭШ ХУВИЙН САНАЛЫГ ТООЦОХДОО ХҮЧИНГҮЙ САНАЛЫГ ХУУДСЫГ ХАСЧ ТООЦОХГҮЙ.
2023-01-09 Админ Хандсан тоо: 179 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 01 сарын 04 өдөр, Дугаар 125/ШШ2022/0001
Тоймын дугаар: №2, 2023.01.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Л.Л-ээс “...тооллогын комисс буруу тоолсон. Д.Ц бид хоёрын санал 109, 109 болж тэнцэж байгаа. Тооллогын комисс нэрний эхний тоо дугуйлсан боловч нэрний ард талд тэмдэглэгээ хийсэн 3 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй. Уг 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцвол миний санал Д.Ц-гийнхээс илүү гарч байгаа ба миний нэрийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж маргаж байна.
Хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын дарга Д.Т “...тооллогын комисс нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудсыг хүчинтэйд тооцож дүнг гаргасан” гэж маргажээ.Тооллогын комисс саналын хуудсыг тоолохдоо санал хураалтад 240 иргэн оролцож, Д.Ц-д 113 буюу 50.6 хувь, Л.Л-д 110 буюу 49.3 хувийн саналыг өгсөн, хүчингүй саналын
хуудас 17 гэсэн дүн гаргаж, нэр дэвшигчдийн саналын хувийг гаргахдаа нийт санал өгсөн 240 хүний саналаас хүчингүй 17 саналын хуудсыг хасч 223 хүний саналаас хувийг тооцсон байна.
Харин шүүхээс хэрэгт авагдсан саналын хуудсыг тоолоход нийт 240 иргэн санал өгснөөс Л.Л-д 112 санал, Д.Ц-д 112 санал өгсөн, хүчингүй 16 саналын хуудас байсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд
санал болгохоор заасан ба тухайн багийн иргэдийн нийтийн хуралд санал хураалтад оролцсон 240 иргэний саналаас хүчингүй саналыг хасч хүчинтэй саналын хуудаснаас олонхи буюу 50-иас дээш хувийн саналыг тооцсон нь буруу гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн саналын хувийг гаргахдаа санал хураалтад оролцсон 240 хүний саналын хуудаснаас тооцож гаргах нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ.
Засаг даргад нэр дэвшигч Л.Л, Д.Ц нар нь тус тус 112 санал авч, хүчингүй саналын хуудас 16 гарсан, нэр дэвшигч нарын саналын хувийг нийт санал хураалтад оролцсон 240 иргэний саналаас тооцоход 112 санал буюу 46.6 хувийн санал авч хэн аль нь 50-иас дээшхувийн санал аваагүй байна.
Иймд тооллогын комиссын 01 дугаартай тогтоол, багийн Иргэдийн нийтийн хурлын “Д.Ц-г багийн засаг даргад нэр дэвшүүлснийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,... Л.Л-г багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/9052?daterange=2022-01-01%20-%202023-01-
08&id=1&court_cat=3&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам