ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ПАЛЕОНТОЛОГИ, АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ, СУДАЛГАА ХИЙЛГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХЫГ ХОРИГЛОНО
2023-02-17 Админ Хандсан тоо: 173 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2021.12.15-ны өдрийн 123/ШШ2021/0040
Тоймын дугаар, огноо: №2, 2023.02.10.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Г ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаад сумын Засаг даргад хүргүүлсэн боловч батлаагүй.
Г ХХК нь сумын Засаг дарга төлөвлөгөөг 10 хоногт батлах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгааг тогтоож, 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргахад сумын Засаг даргаас “тусгай зөвшөөрөл авсан гэх боловч тус суманд нэг ч удаа ирж байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй. Тусгай зөвшөөрөлтэй талбай нь манай сумын тусгай хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгалт газартай давхацсан” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сумын Засаг даргад хүргүүлэх, мөн жил бүр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж Засаг даргад хүргүүлэх, хайгуулын үйл ажиллагаа явуулахаас өмнө палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэж зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын Засаг даргад хүргүүлж батлуулах, сумын Засаг дарга нь хуульд заасан журмын дагуу боловсруулсан төлөвлөгөөг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор хянаж батлах зохицуулалттай байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал байршиж буй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Г ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлээгүй, палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэж зөвшөөрөл аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул тус компанийн 2021 оны Байгаль хамгаалах төлөвлөгөөг батлаагүй сумын Засаг дарга хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн