ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - НЭХЭМЖЛЭГЧ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙНХЭЭ ШААРДЛАГАА БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТААР НОТЛООГҮЙ БОЛ ЗАРГАА АВЧ ЧАДАХГҮЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 202 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.05-ны өдрийн 213/MA2022/00020 Магадлал
Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2023.01.13
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж:"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Тоймын агуулга:Нэхэмжлэгч Ц нь 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 4 удаагийн зээлийн гэрээний үүргийн нийт 2201650 төгрөгийг хариуцагч А, Б нараас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нар "...бид зээлийн хүү алдангид 10 гаруй сая төгрөг төлсөн, 1-2 сая төгрөг зээлдэг байсан, хүү болон алданги нэмэгдэхээр нь шинээр зээлийн гэрээ байгуулдаг байсан..., ...бичгээр байгуулсан 4 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна” гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц нь зээлийн гэрээ тус бүрийн дагуу зээлдэгч нарын өмчлөлд мөнгийг хэзээ, хэрхэн шилжүүлсэн болон зээлдүүлсэн гэх мөнгөө хэзээ, хэрхэн буцаан авсан талаарх бичмэл нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаагүй улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд болоод өнгөрсөн үйл баримтын талаар амаар болон бичгээр гаргасан тайлбарыгаа нотлох, нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй л бол анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хангагдахгүй болж улмаар давах, хяналтын шатны шүүхэд нотлох баримтаа гаргах эрхгүйгээр хэрэг нь хянагдаж, заргаа авах боломжгүйгээр эцсийн шийдвэр болдог болно.
- Анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэр
- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.12.16-ны өдрийн 001/ХТ2022/01282 дугаар тогтоол
Шүүхийн шийдвэрүүдийг бүрэн эхээр нь үзэж болох цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ