БУСДЫН ГАДААД ПАСПОРТЫГ САНААТАЙГААР УСТГАЖ МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ЭТГЭЭДЭД 2.500.000 ТӨГРӨГИЙН ТОРГОХ ЯЛ ШИЙТГЭВ
2023-05-23 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.05.22 №214 Шт

Тоймын дугаар, огноо: №1, 2023.05.22 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно

Агуулга: Иргэн “Д” нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.Л-н үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгаж, Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн байна.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос иргэн “Д”-г “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан  хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гадаад паспортыг зориуд устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,  мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар, иргэн Д нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.Л-н үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгаж, Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Шүүхээс, шүүгдэгч Д-г “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж, түүнийг “Баримт бичиг устгах”, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Гадаад паспорт зориуд санаатайгаар устгасан” үйлдэлд 1.000.000 төгрөгөөр торгох ял, “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” үйлдэлд 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 2.500.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч “Д”-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 Шүүгдэгч “Д” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал