ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МОНГОЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЗААСНЫ ДАГУУ ХОРИГЛОСОН ЭРДЭНЭСИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ГЭМТ ХЭРЭГТ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-05-23 Админ Хандсан тоо: 165 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.28 №90 Шт
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Л нь Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтын тавих нийтлэг журам”-ын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж “Чингис Хаан” Олон Улсын агаарын замын боомтоор 60.701.229 төгрөгийн үнэлгээтэй эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 5 ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм шороог Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.
Прокурорын газраас Л-ийг “Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж Эрүүгийн хуульд заасан “Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн