ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АХ, ДҮҮ ХОЁР БҮЛЭГЛЭН БУСДЫГ ЗОДОЖ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
2023-05-23 Админ Хандсан тоо: 168 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2022.12.21-ний өдрийн 2023/ШЦТ/01
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Ц, Б, С нар нь архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Ц, Б нар нь С-г өшиглөж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж биеийн бүх хэсэгт өшиглөснөөс хүнд гэмтэл учруулжээ.
Уг гэмт хэргийг дээрх 2 этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц, Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хорих ял оногдуулж, 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ" зааснаар шүүгдэгч Ц, Б нарын үйлдсэн “бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт дээрх зүйл заалт хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, шүүгдэгч нар нь хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангид заасан хамгийн бага ялыг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал