ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЖИЛ ОЛГОГЧООС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨӨГҮЙ НЬ АЖИЛТНЫ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ
2023-09-19 Админ Хандсан тоо: 187 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн No110/ШШ2022/0054
Тоймын огноо дугаар: 2023 оны 02 дугаар сарын 02, Дугаар 03
Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Иргэн “Ж”-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлд нийгмийн даатгалын байгууллагаас татгалзсан хариу өгсөн байх ба иргэн “Ж” нь “Ш” ХХК-д үйлчлэгчээр 1990.09.01-ээс 1994 оныг дуустал ажиллаж байсныг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон байна.
Нийгмийн даатгалын байгууллага татгалзсан үндэслэлээ “Ж-ийн ажиллаж байсан “Ш” ХХК нь 1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй тул түүний тус компанид ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй. Иймд “Ж”-ийн нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй” гэжээ.
Иргэн “Ж” уг татгалзал нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгахаар шүүхэд маргасан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, иргэн “Ж”-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд иргэн “Ж”-ийн “Ш” ХХК-д ажиллаж байсныг шүүхээс тогтоосон ба ажил олгогч “Ш” ХХК-аас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь тухайн ажилтныг ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэж үзэх, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш