ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БОДИТ БАЙДЛЫГ НУУЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ХУУЛЬ БУСААР АВСАН ЭТГЭЭДЭЭР ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭВ
2023-09-19 Админ Хандсан тоо: 166 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол: 2022.12.27 №04Шт
Шийдвэрийн хураангуй тойм: Энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. 2023.02.09 №03
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга: Б аймгийн Прокурорын газраас иргэн Б-г хууль бусаар нийгмийн халамж авах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100.000 төгрөг, нийт 4.400.000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.400.000 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84156?daterange
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат