Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн нь хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
2023-02-15 Админ Хандсан тоо: 168 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023 оны 01 сарын 24-ний өдөр №2023/ДШМ/07

Тоймын дугаар, огноо: №03, 2023 оны 02 сарын 15-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.  

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Агуулга: 

 

Иргэн Б... нь   сумын засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа авахдаа тендер зарлахгүйгээр  автомашин худалдан авсан, мөн орон нутагт үйл ажиллагааг явуулдаг компаниас байгууллагын автомашин авах зориулалтаар авсан хандивын  мөнгийг өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол төлөхөд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэнээр прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан өөртөө, бусдад давуу байдал бий болгох  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, байгууллагаас авсан  мөнгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч түүний өмгөөлөгч Б-г мөнгийг байгууллагын машин засварлахад  зарцуулсан байхад өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутгасан, гэмт  хэрэгт холбогдож байх үед хөөн хэлэлцэх хугацааг тоолох өөр зохицуулалт үйлчилж байсан, хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулсан, үүнтэй холбоотой Цэцэд хэрэг үүсгэсэн байхад хэргийг түдгэлзүүлэхгүй шийдвэрлэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: Б нь байгууллагын автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлоо байгууллагын мөнгөөр арилгасан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох тул Б-ийн үйлдэлд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.  

 Б-ийн гэмт хэрэг үйлдэх үед хөөн хэлэлцэх хугацаа тоолох талаар хуульд өөр зохицуулалт байсан боловч нэмэлт өөрчлөлт орсны дараа түүнд  эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохих заалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын Дээд шүүх албан ёсны тайлбар гаргасан. Энэ тайлбар нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэсэн байгаа боловч албан ёсны дүгнэлт гараагүй  тул Б-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Шийдвэрийг бүтнээр үзэх болhttps://shuukh.mn/single_case/16454?daterange=2022-01-01%20-%202023-02-15&id=2&court_cat=2&bb=1 

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин