ЗАСАГ ДАРГА ДООД ШАТНЫ ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛОХООС НЭГ УДАА ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ.
2023-03-16 Админ Хандсан тоо: 208 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.3.15-ны өдрийн №06 дугаар шийдвэр

Тоймын дугаар: №03, 2023.03.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: 

Сэлэнгэ аймгийн ... сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, хуралдаанаар иргэн Б-г багийн Засаг даргаар сонгож, тус хуралдааны тогтоолыг батламжлуулахаар сумын Засаг даргад хүргүүлжээ.

Сумын Засаг дарга тогтоолыг хүлээн аваад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд багийн Засаг даргаар Б-г томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлаж, багийн Засаг даргыг сонгох тухай албан бичгийг 2 дугаар багийн зөвлөлд хүргүүлсэн байна.

Гэтэл 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдалгүйгээр иргэн Б-г багийн Засаг даргаар томилуулах хүсэлтэй байгаа тухай албан бичгийг сумын Засаг даргад хүргүүлжээ. 

Иргэн Б багийн Засаг даргаар намайг томилохгүй байгаа нь хууль бус гэж үзээд багийн Засаг даргаар томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга томилохоос татгалзсан тохиолдолд дахин санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар уламжлана гэж зохицуулжээ.

Иймд шүүх багийн иргэдийн Нийтийн Хурал дээрх хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй тул сумын Засаг дарга нь хуульд заасан нэр дэвшигчийг нэг удаа татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12538?daterange=2023/01/01%20-%202023/03/16%20&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар