ХАРИУЦАГЧ ХЭН БОЛОХЫГ НЭХЭМЖЛЭГЧ ТОДОРХОЙЛОХ ЭРХТЭЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 337 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн №148/ШШ2023/096 шийдвэр

Тоймын дугаар, огноо: №, 2023.04.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж:
“Энэ тойм шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.”

Агуулга: “Г” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,653,673 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг иргэн Ж.Х-т холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № ГА-АГ 18/031 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас хуулийн этгээд болох “Г” ХХК, түүнийг төлөөлж дэд захирал П.М, нөгөө талаас хуулийн этгээд “М” ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Х нар нь байгуулжээ.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдүүд болох 2 компани байгуулсан бөгөөд хариуцагч иргэн Ж.Х нь зөвхөн “М” ХХК-г төлөөлж гэрээ байгуулжээ.
Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргуулах хариуцагчаа гэрээ байгуулсан хуулийн этгээд болох “М” ХХК биш компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан захирал Ж.Х гэж тодорхойлсон нь буруу гэж шүүхээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр хуулийн этгээд болох “М” ХХК нь ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн бөгөөд иргэн Ж.Х-ын хувьд үүрэг хүлээгээгүй буюу энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж шүүх дүгнэжээ. 
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ…“ гэж заасны дагуу хариуцагчаа өөрөө тодорхойлох ёстой юм. 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/126083?daterange=2023-01-01%20-%202023-04-24&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан