ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ТУХАЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭР БИШ ЮМ.
2023-11-15 Админ Хандсан тоо: 224 ХуваалцахТоймын төрөл: Шүүгчийн захирамжийн тойм
Тоймын дугаар, огноо: №1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: “Энэ тойм шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Агуулга: “Х” банк нь иргэн “Б, З” нартай байгуулсан 2018 оны 11 сарын 06-ны өдрийн цалингийн зээл болон барьцааны гэрээг цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,149,673.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, иргэн “Б, З” нарыг нэхэмжлэлд дурдсан хаяг, утсаар нь дуудсан боловч тухайн хаягт оршин суудаггүй, гар утас нь холбогдох боломжгүй нь тогтоогдсон тул хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан нь тухайн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш юм.
Дээрх шүүгчийн захирамж нь банкны зүгээс “Б, З” нарт холбогдох нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахад саад болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг захирамжид заасан зөрчил / хариуцагчийн хаягийг тодорхой болгож / -ийг зассаны дараа нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван