ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЧӨЛӨӨТ БҮСЭЭР ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ИЛҮҮ /2 ЛИТР/ ХЭМЖЭЭНИЙ АРХИ, ДАРС ТАТВАРГҮЙ ГАРГАХЫГ ХОРИГЛОНО
2023-01-30 Админ Хандсан тоо: 234 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн №32 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: №1 2023.01.30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга:
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э нь иргэн Ц-г Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний архи гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх зөрчилд шийтгэл оногдуулсан.
Иргэн Ц “…би тус архийг гаалийн хилээр гаргаагүй тул уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор архи гаргаж өгдөг иргэдэд нэг шил архи тутамд 2000 төгрөг өгч, хүн тус бүрийн 2 шил архи авах гаалийн мэдүүлэг бөглүүлэн дэлгүүрийн худалдагчийн машинаар гаалийн хилээр нэвтрүүлсэн” гэж маргажээ.
Иргэн Ц нь татвараас зайлсхийх зорилгоор гаалийн мэдүүлэг бөглөхгүй, архийг гаалийн шалгалтаас нуун далдлах аргаар нэвтрүүлсэн нь тогтоогдсон.
Гаалийн ерөнхий газрын даргын баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зорчигч нь 24 цагийн дотор, 2 литрээс илүүгүй архи, дарсыг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Энэ нь хувийн хэрэгцээний зориулалтаар авч яваа бага хэмжээний архи, дарсыг аливаа татвар төлөхгүй гаалийн хилээр нэвтрүүлэх боломжийг хувь хүнд олгосон зохицуулалт юм.
Шүүх иргэн Ц-ийн маргаж буй үндэслэл болон нийт 270 шил архийг татваргүй үнээр бусдад мөнгө төлж авахуулан, дэлгүүрийн худалдагчаар тээвэрлүүлж гаалийн хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь дээрх журмын зорилготой нийцэхгүй байна гэж үзээд түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/7693?daterange=2020-01-01%20-%202023-01-27&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа