ХОЛБОГДОГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ШИЙТГЭЛИЙН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.
2023-08-08 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны  өдрийн 08 дугаар магадлал

Тоймын дугаар, огноо: 2023.08.08 №9

Магадлалын төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Агуулга: Сүхбаатар аймгийн прокурорын газраас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эрх бүхий албан тушаалтнаас давхардаж гарсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”  23 дугаартай дүгнэлт ирүүлжээ.

Анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцээд 233 дугаартай шийтгэврээр түүнийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх 2023 оны 07  дугаар сарын 25-ны өдөр прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэвэрт “эрх бүхий албан тушаалтнаас давхардаж гарсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Үндэслэл нь:

Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нь холбогдогч Д.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт “Howo” маркийн 42-36 УНЕ улсын дугаартай ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 54 минутад 3100044170002873 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан атлаа тоног төхөөрөмжийн хэвийн бус байдлаас шалтгаалан нэг цаг хугацаанд ижил утгатай, дараагийн 3100044170002874 дугаартай шийтгэлийн хуудас гарсан байна.

Зөрчилд холбогдогчийн үйлдсэн нэг зөрчилд хоёр удаа шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд зөрчилд холбогдогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн байх тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь зөрчлийн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй, сөрөг үр дагавар гарахгүй болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: /https://shuukh.mn

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх