ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬ НАС ХОХИРЧЭЭ
2023-06-26 Админ Хандсан тоо: 217 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: № 6 2023.06.26

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Иргэн Б.Я нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бага насны хүүхэд болох өөрийн 2 настай А.М-г дайрч, амь насыг  хохироосон байна.

Прокуророос иргэн Б.Я-г өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоуота Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэг заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг  зөрчсөний улмаас бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчиж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд халдсан үйлдлийг ойлгохоор хуульчилсан бөгөөд хоромхон зуурт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн ноцтой хохирол, хор уршиг учруулдаг нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.Я-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Уг хэргийг прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 44a4bxedxPwGQtSnEzGzdejnCdtrDJqkJ6uqWwGbXmdx5zrjGdHivmr9pyd7x8rVQMgumwGPCfuwseieCg8tuN5jNNeMJPU

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч