АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ЗӨРЧСӨН ТАЛ НЬ ТҮҮНЭЭС ГАРАХ ХОХИРЛЫГ ХАРИУЦНА
2023-11-15 Админ Хандсан тоо: 190 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, огноо, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлал

Тоймын дугаар: 2023.06.09, № 08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Э нь хариуцагч байгууллагын өгсөн захиалгын дагуу өөрийн материалаар хүндэт самбар хийж, угсарч байрлуулсан тул тохирсон хөлсөө төлөөгүйн улмаас өөрт учирсан 750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч  “С”  үйлдвэр  технологийн парк ОНӨААТҮГ нь хүндэт самбар хийлгэхээр 650000 төгрөгөөр захиалсан боловч, хэмжээ, чанар /өнгө үзэмж/-ын талаар биет байдлын доголдолтой, харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч  байгууллагаас хүндэт самбар хийлгэх захиалгыг хүлээн авч, ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэн 2021 оны 3 дугаар сард  байгууллага дээр нь угсарч, байрлуулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож, зохигчид энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр хийхээр хуульд заагаагүй, захиалагч ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах талаар арга хэмжээг аваагүй, ажлын үр дүнд биет байдлын доголдол байсан эсэх талаар өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, иргэний хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй учир гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хүндэт  самбарыг зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. Хариуцагч байгууллага эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргав.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэлтэйгээс гадна  талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон учир ажил гүйцэтгэх гэрээг амаар хийгдсэн гэж үзэх, ажил гүйцэтгэгч Э-н өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн хүндэт   самбарыг захиалагч хүлээн авах үүргээ биелүүлээгүй учир түүнийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын  хөлс болон өөрт   учирсан 750,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэсэн дүгнэлтийг хийж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлын хангахгүй орхив

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/27376?daterange=2023-01-01%20-%202023-06-14&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн:  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх