НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНЫ ДОТОР ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
2023-09-18 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 204/МА2022/00002

Тоймын дугаар, огноо:  2022 оны 01 сарын 17-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.

Агуулга: Нэхэмжлэгч Ц.Б нь “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Х-ээс: Ц.Б нь 2020 оны 08 дугаар сард манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч тэтгэвэртээ гарснаар оронд нь томилогдсон боловч нийтийн албан тушаалтан нийтийн албанд томилогдохдоо урьдчилсан мэдүүлэг өгөх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-г хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуульд заасан хугацааны дотор гаргаагүй болох нь нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талаар зохицуулсан заалт байхгүй гэж маргаж байгаа боловч зарим тохиолдолд өөр бусад хуулиар ажил олгогчийн санаачлаагаар ажлаас халах тохиолдлыг тусгайлан зааж өгсөн байдаг. Тухайлбал: Төрийн албаны тухай хууль зааснаар /Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2/ төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь хална. Үүнтэй  адил Авилгын эсрэг хуулийн 13.8.4-д зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй албан тушаалтан нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах үндэслэл болдог.

Нэхэмжлэгч Ц.Б нь хуулийн энэхүү заалтын “...хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй..” гэснийг зөрчсөн болох нь нотлогдсон. Тухайн ажилтныг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр  гаргах ёстой. Хариуцагч буюу  “ОУС” ОНӨААТҮ захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалд энэ үндэслэлээ тодорхой заасан байдаг. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзээд шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ:

“ОУС” ОНӨААТҮ захирал 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Ц.Б-г ажлаас халсан тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримталж шийдвэрлэсэн.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Авилгын эсрэг хуулийн 13.8.4-д “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” гэж тус тус заасан байна.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Б-ын гомдлыг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20438?daterange=2022-01-01%20-%202023-01-17&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж