ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“А” ДАНСНЫ ЛАВЛАГААГ ҮНДЭСЛЭН ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭВ 2023-05-08
2023-09-18 Админ Хандсан тоо: 179 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: 2023.03.07 110/ШШ2023/0010
Тоймын огноо дугаар: 2023. 05.05, №7
Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн “Д” нь шүүхэд “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “нийт 21 жил 5 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 1967 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан шаардлагыг хангасан” гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагчаас иргэн “Д” нь эмэгтэй малчин-даатгуулагчийн хувиар 2016, 2017, 2018 онуудад тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн үед тус өрхийн 2016 оны “А” дансны маягтад “Мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэн, 2017, 2018 оны “А” дансны маягтуудад өрхийн “Малчдын тоо” тусгагдаагүй байх тул “Д”-г малчин гэж үзэхгүй. Иймд дээрх 3 жилд тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг тооцохгүй” гэв.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзэхэд, “А” дансны лавлагаа нь тухайн иргэний малчин байсныг тодорхойлох үндсэн баримт байна.
Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзахаас өмнө иргэн “Д”-г 2016 онд малчин байсныг шүүхээс тогтоосон, 2017-2018 оны тус өрхийн “А” дансны маягтад мал тооллогын комисс нь “Малчдын тоо” гэсэн асуулгад тоон мэдээлэл оруулаагүй боловч өрхийн төрлийг “Малчин өрх”-өөр, маягтын “Малчдын мэдээлэл” хэсэгт “Д”-г тус өрхийн малчны хувиар тус тус бүртгэжээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Мал тооллогын комисс нь “Д”-ийн өрхийг 2016 онд “А” дансны маягтад “Мал бүхий өрх”-өөр буруу бүртгэсэн, 2017-2018 оны маягтад “Малчдын тоо” гэсэн хэсгийг бүртгээгүй орхигдуулсан буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгч “Д” нь тухайн онуудад малчин байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М. Риза