ЗАСАГ ДАРГА ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ШИЙДВЭРЭЭ ӨӨРӨӨ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНЫГ ШҮҮХЭЭС ЗӨВ ГЭЖ ДҮГНЭВ
2023-09-18 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.14, №110/ШШ2023/0009

Тоймын огноо дугаар: 2023. 06.14,  №11

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: “Т” сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/65 дугаартай захирамжаар тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заагдсан 100 м2, 300 м2, 1000 м2 талбайтай 14 байршил дахь газрыг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цахим дуудлага худалдаа явуулах замаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дуудлага худалдаа явагдах хугацааг Газрын биржийн цахим системээр нийтэд зарласнаар дуудлага худалдаанд оролцогчийн цахим системд хандан  бүртгүүлэх хугацаа нь  зард 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагт дуусахаар тусгагдсан байжээ.

Бүртгэлийн хугацаанд цахимаар 9 хүн давхардсан тоогоор 51 удаа бүртгүүлж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр явагдсан цахим дуудлага худалдаанд 5 хүн дээрх 14 газрыг эзэмшихээр дуудлага худалдааны ялагч болжээ.

Үүний дараа “Т” сумын Засаг даргаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/88 дугаартай захирамж гаргаж, “холбогдох журамд заасан дуудлага худалдаа явуулахад баримтлах “нээлттэй, ил тод байх;”, “тэгш, шударга оролцоог хангасан байх;” зарчим зөрчигдсөн, дуудлага худалдааны зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй, дэнчин төлсөн зарим иргэд дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж чадаагүй, Ажлын хэсэг байгуулаагүй” гэх үндэслэлүүдээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн сумын Засаг даргын орлогчийн дээрх А/65 дугаар захирамжийг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэжээ.

Дуудлага худалдааны ялагчаар тодорсон “М”, “Ж”, “Г” нар нь сумын Засаг даргын 2022 оны А/88 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, “цахим дуудлага худалдаа явуулахад Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй, оролцогч цахимаар бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн хугацаа зөвхөн ажлын өдөр байхыг шаардахгүй, дуудлага худалдаа зохих журмаар явагдсан” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулаагүй,  дуудлага худалдааны зарыг зохих ёсоор нийтэд зарлан мэдээлээгүй, хуульд зааснаар нийтээр амрах амралтын өдрүүдэд оролцогчийг бүртгэхээр Газрын биржийн цахим системд тусгаж, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн, түүнчлэн “Т” сумын нэр бүхий 11 иргэнээс   дуудлага худалдааны зарыг мэдээгүйгээс оролцож чадаагүй, дэнчин, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилж төлсөн  иргэд цахим системд бүртгүүлж чадаагүй, Газрын биржийн цахим системд хандан бүртгүүлсэн зарим иргэд дуудлага худалдаа болох өдөр системээс нэр нь хасагдсан гэх үндэслэлээр Засаг даргад гомдол гаргасан  нь тогтоогдсон.

Иймээс цахим дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд дуудлага худалдааны ялагчаар тодорсон нэхэмжлэгч нар буруугүй боловч дуудлага худалдаа явуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр нь газар эзэмших эрхтэй бусад иргэдийн буюу нийтийн эрхийг зөрчсөн, газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд уг шийдвэрийг өрөө хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэв.

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М. Риза