ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БИЧГЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ БОЛ АЛДАНГИ ШААРДАХ ЭРХЭЭ АЛДАНА
2023-11-15 Админ Хандсан тоо: 219 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.06.07 №530
Тоймын дугаар,огноо: №06, 2023.06.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Э ХК-иас тус шүүхэд хандаж “... Хариуцагч М байгууллага нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болон алдангийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
М байгууллага нь Э ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Манай төв нь нэгэнт төсөв дутуу батлагдаж ирсэн учир батлагдсан төсвийн хүрээнд гэрээ хийнэ гэж, Э ХК нь батлагдсан тарифын хүрээнд гэрээ хийнэ гэж хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир талуудын хооронд 2021, 2022, 2023 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тус компани нь талуудын хооронд гэрээ хийгдээгүй байхад гэрээнд заасныг үндэслэн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.
Шүүхээс талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнээс хойш дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй байгаа хэдий ч хариуцагч М байгууллага нь нэхэмжлэгч байгууллагаас эрчим хүч худалдаж авч хэрэглэсний хувьд маргаагүй, талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн дулааны эрчим хүчний үндсэн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн.
Харин Иргэний хуульд зааснаар талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй буюу харилцагч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй учир үүрэг гүйцэтгэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэгч Э ХК-ийн нь хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож хариуцагч М байгууллагаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген