ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАРИМТ МЭДЭЭ ТАЙЛАНД 2 ДУГААР ГАРЫН ҮСЭГ ЗУРДАГ БОЛ ЕРӨНХИЙ, АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ ГЭЖ ҮЗНЭ
2023-11-15 Админ Хандсан тоо: 195 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/14 дугаартай магадлал
Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Дугаар 2
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн А нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын өрөө засварлах ажлын гэрээ байгуулан байгууллагын данснаас "У” ХХК-ийн данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, засварын ажлыг "У” ХХК-аар бус өөрийн нөхөр С-ээр гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг нөхөр С-ээс гаргуулалгүй, харин "Р” ХХК-аас байгууллагад шилжүүлсэн бараа, материалыг ашиглан хийлгүүлж, өөртөө болон нөхөр С-д давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс иргэн А-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А... "миний ажиллаж байсан нягтлан бодогчийн албан тушаал нь ерөнхий, ахлах нягтлан бодогч биш бөгөөд нийтийн албан тушаалд үл хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч тул "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэдэгт хамаарахгүй” гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс А-г тухайн ажиллаж байсан төрийн байгууллагынхаа баримт мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурдаг, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зэрэглэлээс үзэхэд ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/13975?daterange=2022-01-01%20-%202022-05-01&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг