ҮНДЭСЛЭЛГҮЙ АЖЛААС ЧӨЛӨӨЛСНӨӨС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ
2023-11-15 Админ Хандсан тоо: 210 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийддэрийн дугаар: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 211/MA2022/00015 дугаар магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Дугаар 3

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Аймгийн засаг дарга А нь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б-г ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрийн дагуу Б ажилдаа эргэн томилогдож, байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 3.162.991 төгрөгийг Б-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөгийг төлсөн. Төрийн албаны зөвлөлөөс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 4.105.512 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан А-аас гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг тухайн байгууллагад ажиллаж байсан Ц-ээр түр хавсран гүйцэтгүүлж байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс бусдад олгогдоогүй, цалингийн санд хадгалагдаж байсан, төрд хохирол учирсан, уг хохирлыг арилгасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, Төрийн албаны зөвлөлийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан 4.105.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад " Хэдийгээр Б-гийн оронд өөр хүн томилон ажиллуулж, цалин хөлс олгоогүй ч Б-г хууль бусаар халаагүй бол түүнд олгогдох байсан цалин хөлс төрд үлдэнэ, төр Б-д хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө бус, хууль бусаар ажлаас халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосноор төрд хохирол учирсан” гэж дүгнэн, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А-аас 4.105.512 төгрөг гаргуулан, төрд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/24432?daterange=2022-04-01%20-%202022-06-01&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн