ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨЛБӨР ТОГТООХДОО БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООГООГҮЙ БАЙЖЭЭ
2023-09-18 Админ Хандсан тоо: 184 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2022/0105
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Сумын Засаг даргын тамгын газар нь шахмал түлшний үйлдвэр байгуулахаар 70 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сав баглаа, боодлын үйлдвэр байгуулахаар 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тэжээлийн үйлдвэр байгуулахаар 8 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан.Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хяналт шалгалт хийж, сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтанд төлбөр тогтоосон. Үндэслэлээ "хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэжээ.
Сумын Засаг даргын тамгын газраас "төлбөр тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хууль бусаар орлого олж, бусдад хохирол учруулаагүй” гэж маргажээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж, шахмал түлшний үйлдвэрт туршилт хийж, үйлдвэрлэлийн явцыг шалгаад, маргаан бүхий тоног төхөөрөмжийг "үхмэл” хөрөнгө гэж үзээгүй байна."Үхмэл” хөрөнгө гэдэг нь ямар ч хэрэгцээгүй болсон хөрөнгийг хэлэх бөгөөд дээрх гурван тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллах боломжтой байжээ.Тухайн цаг хугацаанд коронавирус цар тахлын болон мал амьтны гоц халдварт өвчин гарсан байсан, үүнээс шалтгаалж, үйлдвэрлэлийн ажил эрхлэх боломжгүй байсан, улсын байцаагчаас төлбөр тогтоохдоо, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж шүүх үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11767?daterange2022-11-01%20-%202022-11-25&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа