ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ АМЬ ХОХИРОГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ
2023-09-18 Админ Хандсан тоо: 383 ХуваалцахШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.03.13-ны өдрийн 2023/ШЦТ/14
Тоймын дугаар, огноо: 2023.05.30 шийдвэр №4,
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Прокуророос, Л нь хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В нь “ хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно” гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн.
Хохирогчийн тодорхойлж байгаа үндэслэлд хамаарах сэтгэцэд учирсан гэм хорыг шийдвэрлэхийн тулд тухайн хүний сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, энэ талаар шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон байх учиртай байдаг тул шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардсан хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Шүүх хэдийгээр дээрх үндэслэлээр сэтгэл санааны хохирлыг тооцоогүй боловч бусдын хууль бус үйлдлийн улмаас зуурдаар нас барсан амь хохирогчийн ээж, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд хохирол учирсан байдал нотлогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэх боломжгүй байна.
Иймд амь хохирогч Д нь хөдөлмөрийн насны хүн байсан нь хэрэгт тогтоогдсон бөгөөд шүүхээс сэтгэл санааны хохирлыг тооцохдоо амь хохирсон хугацаанаас хойш хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 12,020,000 төгрөгийг Л-ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: http://https://shuukh.mn/single_case/86564?daterange=2023-01-01%20-%202023-06-01&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд