ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД БУСДЫГ ЗОДОЖ БИЕД НЬ ХӨНГӨН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-11-15 Админ Хандсан тоо: 217 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.01.25-ны өдрийн 2023/ШЦТ/11
Тоймын дугаар, огноо: 2023.03.01, шийдвэр №3
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорлготой болно.
Агуулга: Прокуророос, цагдаагийн албан хаагчийг О-г албан үүргээ хэрэгжүүлэхдээ 2021.09.28-ны өдөр Эрүүлжүүлэх байранд иргэн Г-г хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүгийн хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд “Эрүү шүүлт тулгах” гэм хэргийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О-г хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Г-ийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл холбогдол нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, Тодруулбал, хохирогч Г-ийн хэрэг хүлээлгэх зорилгоор үг хэлээр дарамталж зодсон гэх мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн субьектив талын шинж хэргийн нөхцөл байдлаар тогтоогдоогүй байна. Харин хохирогч Г-г эрүүлжүүлэх явцдаа хүнлэг бус харьцаж хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Ж.О-г хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, харин шүүгдэгч О-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84813?daterange=2023-01-01%20-%202023-06-27&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ