ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ АШИГЛАН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН БОЛ ИЛҮҮ АВСАН ТЭТГЭВРИЙН МӨНГИЙГ БУЦААН ТӨЛӨХ ЁСТОЙ
2023-09-15 Админ Хандсан тоо: 206 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №109/ШШ2021/0032 дугаар шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 31, Дугаар 5
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн А нь аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад иргэн А-ын тэтгэвэр тогтоох үндэслэл болсон "аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь бодит байдалд гараагүй хуурамч болох нь илэрчээ.
Улмаар Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн "Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актаар, "худал мэдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр илүү тогтоолгон авсан тэтгэврийн төлбөрийг иргэн А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэн А нь дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "... би худал мэдүүлээгүй, шүүхийн шийдвэр гаргуулаагүй, би өөрөө тэтгэвэр тогтоолгож аваагүй, өргөдөл, хүсэлт бичээгүй” гэж тайлбарлан маргажээ.
Иргэнд А-д хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг шүүхийн архивт байхгүй, бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоох ажиллагааг хийсэн болох нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тогтоогджээ.
Иймд шүүхээс дээрх улсын байцаагчийн актыг хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10494?daterange=2020-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга