ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, ТҮР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТ
2023-09-15 Админ Хандсан тоо: 250 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №109/ШШ2022/0097 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 3, Дугаар 10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "...намайг .....ажиллуулахгүй гэж шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн., ...би төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн. Үүнээс гадна энэхүү өргөдлөө буцаагаад авчихсан байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй. Би "...түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь.

Нэхэмжлэгч Н нь байгууллагынхаа даргадаа гаргасан өргөдөлдөө "...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

Уг хүсэлтийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн ....газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд бусдын шахалт дарамтаар өргөдөл бичиж, гарын үсэг зурсан гэх асуудал нь эрүүгийн журмаар шалгах асуудал болохоос захиргааны маргааны тухайд гарын үсэг зурсан үйлдэл, өргөдөл бичсэн үйлдлийн үр дагавраа иргэн хүн өөр хариуцна.

Ажлаас түр чөлөөлөгдөх, бүр мөсөн чөлөөлөгдөх ойлголтууд нь ялгаатай бөгөөд өөр өөр тохиолдолд үүсдэг, 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх, 6 сараас дээш хугацаагаар сургалтанд суух бол түр чөлөөлдөг, харин өөрөө хүсэлт гаргасан бол бүрмөсөн чөлөөлөгдөнө.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11388?daterange=2022-09-26%20-%202022-10-01&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга