ЯЛЛАХ ДҮГНЭЛТЭД ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН БАЙДАЛ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ШАЛТГААН, АРГА, СЭДЭЛТ, ЯЛЛАГДАГЧ ТУС БҮРИЙН ҮЙЛДЭЛ, ОРОЛЦООГ НАРИЙВЧЛАН ТУСГАХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-14 Админ Хандсан тоо: 20 Хуваалцах

Орхон аймгийн Прокурорын газраас Г, Р нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн Р-ыг гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт, Я-г гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г-г “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р-ыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я-г “гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Хохирогч Д, шүүгдэгч Г, шүүгдэгч Г, Р нарын өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Тус хэрэгт хохирогч Д-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргасан шинжээчийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцуулсан байх ба түүнээс өөрийнх нь гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, өмгөөлөгч нараас асуухад тэрээр “хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг баруун, зүүн аль аль талаас хүч үйлчлэхэд үүсэх боломжтой” гэж гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлсэн байхаас гадна тухайн шинжээч дүгнэлтдээ хохирогчийн хамар ясны хугарал, хамрын таславч зүүн тийш муруйлттай гэх гэмтэл болон уг гэмтэл нь шинэ, эсхүл хуучин эсэх талаар огт тусгаагүй, орхигдуулсан байна. 

Иймд тус эрүүгийн хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээчийн өмнө гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх, хохирогч Д-н зүүн зулай ясны харалдаа үүссэн гэмтэл нь толгойн аль талаас, хэдэн удаагийн, ямар хүчний үйлчлэлээр үүсэх, хохирогчийн хамар ясны хугарал, хамрын таславчийн зүүн тийш муруйлт гэмтэл нь хэзээ, ямар хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл зэргийг тогтоолгож, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Мөн прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоог нарийвчлан тусгалгүйгээр хэргийн үйл баримтын талаар “... шүүгдэгч Г, Р нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хохирогч Д-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь гэмтэл учруулсан ...” гэж хэт ерөнхийлөн тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд тухайн гэмт хэрэгт хэн, хэрхэн, яаж хамтран оролцсон, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах шаардлагатай бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай.

Гэтэл прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй, яллах дүгнэлтэд шүүгдэгч Г, Р нарын тус бүрийн үйлдэл, оролцоог тодорхой тусгаагүй байхад анхан шатны шүүх “... Г нь хохирогч Д-тэй маргалдаж, зодолдох явцад шүүгдэгч Р нь хохирогчийн ар талаас нь толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Г-ийн үйлдэл, оролцооны талаар огт дүгнээгүй атлаа түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа