ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТАН ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР ШҮҮХЭЭС ТОГТООСОН ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТЫН НӨХЦӨЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ҮҮСВЭЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ, ПРОКУРОРТ ХҮСЭЛТ ГАРГАХ ЭРХТЭЙ
2026-10-14 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах

Х нь нэгэн үйлчилгээний газарт хамгаалагчаар ажиллаж байхдаа В, И нартай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, В-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч Х - г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Х “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х-д 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Х нь давж заалдах шатны шүүхэд өөрийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг ирүүлсэн байх боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг