ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ БҮРЭН БУС, ҮНДЭСЛЭЛГҮЙ, ЭСХҮЛ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ, ЭСХҮЛ ДАХИН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2026-10-14 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах
| Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх №6 |
|---|---|
| Тоймын дугаар, огноо: | /5/ |
| Шийдвэрийн төлөв: | Хүчин төгөлдөр болсон |
| Санамж: | Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. |
Нэр бүхий 6 шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цэнгээний газрын гадна хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож И нь Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б нь И-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, И, Р, С, Д нар нь бүлэглэн Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л нь Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Л, Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С, Д, Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Д “... шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, миний биед гэмтэл учирсан ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д-ын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л, гэрч Р нар нь шүүгдэгч Д-г цохисон болох нь нотлогдож байх боловч шинжээчийн дүгнэлт болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр Д-ын биед учирсан гэмтэл нь хуучин гэмтэл болох нь тогтоогдсон тул шүүхээс нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй болно.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шинжлэн судалж үзвэл тухайн өдөр шүүгдэгч Д-ын эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хураангуй бэлтгэсэн:Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг