ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХДЭЭ АШИГЛАСАН ХАЙЧ НЬ ЗЭВСЭГТ ТООЦОГДОНО
2026-10-14 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах
Шүүгдэгч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, урьдын таарамжгүй харьцааны улмаас хамт архи ууж байсан Р-тай маргалдан түүний нуруу хэсэгт хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Р-ыг тухайн үед шүүгдэгч Н-ы дух хэсэгт нь хайчаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Р-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Н нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.
Мөрдөн шалган ажиллагааны явцад шүүгдэгч Н-ны хохирогчоор болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Н-г хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... хайчийг зэвсэг гэж үзэхэд эргэлзээтэй...” гэсэн тайлбар гаргасан.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” хэмээн тодорхойлж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Түүнээс гадна Н, Р нарын хохирогчоор болон сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд тэднийг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р нь өмгөөлөгчийн хамт оролцсон, харин шүүгдэгч Н нь “… Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно …” гэж бичгээр хүсэлт гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд “… мөнгө байхгүй болохоор өмгөөлөгчгүй оръё …” гэж тайлбарласныг үндэслэн шүүх түүнийг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулжээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Н-ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн байх боловч энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчилд хамаарахгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа