ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБОО БАЙГУУЛААГҮЙ ИРГЭНТЭЙ БЭЛЧЭЭР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ
2026-10-14 Админ Хандсан тоо: 25 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 126/ШШ2026/0021
Тоймын дугаар, огноо: /3/
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно.
Хэргийн тухай товч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн малчин Х.Б Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан-Олом гэх газарт өвөлжөөний газар эзэмшдэг. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахаар Мөрөн суманд Засаг даргад хандсан боловч татгалзсан хариу авснаар маргаан эхэлжээ.
Шүүхийн шийдвэрт: Сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болох бөгөөд энэ нь захиргааны гэрээнд хамаарна. Нэхэмжлэгч Х.Б нь малчин өрхийн анхдагч холбоо байгуулаагүй, холбооны гишүүн биш болох нь тогтоогдсон. Хуульд нэг иргэнтэй бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахыг захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй учраас хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулах бүрэн эрх Засаг даргад байхгүй. Засаг дарга иргэн Х.Б-тай бэлчээр ашиглуулах гэрээ байгуулахаас татгалзсан нь үндэслэлтэй. Түүнчлэн захиргааны гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийн төрөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд байхгүй тул шүүх захиргааны гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргах боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “… Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэж заасан байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Тойм бичсэн: Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг