БУСДЫН ЭЗЭМШСЭН ГАЗАРТАЙ ДАВХАРДУУЛАН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЖ БОЛОХГҮЙ
2023-09-15 Админ Хандсан тоо: 195 Хуваалцах

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2023/0006

Тоймын огноо, дугаар: 2023 оны 6 дугаар сарын 12, Дугаар 11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Аймгийн Засаг даргын захирамжаар Г нь газар эзэмшдэг бөгөөд түүний газраас 204 мкв газрын оёдлын цех байршиж байгаа газар нь иргэн С-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 мкв газартай давхацсан гэж маргаан үүссэн. Мөн нийтээрээ ашиглах зориулалттай Г-гийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.Шүүхээс нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Учир нь, хариуцагч аймгийн Засаг даргаас гуравдагч этгээд С-д газар эзэмшүүлэхдээ Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, шүүх аймгийн Засаг даргыг тухайн газрыг эзэмшүүлэхдээ бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай эсэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд байгаа талаар нягталж шалгаагүйг хууль бус байна гэж үзсэн.Харин, нийтийн эзэмшлийн коридор нь нийтийн эзэмшил мөн эсэх, нийтээр эзэмших ёстой байсан эсэх, иргэн С нь 00-ийн өрөөг эзэмших, ашиглах нөхцлийг хаасан эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн бус иргэний шүүхийн харьяаллын маргаан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12614?daterange=2023-01-01%20-%202023-06-12&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа