ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИД ШААРДАХ ЭРХ ШИЛЖСЭНЭЭР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТАСАЛДАХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 231 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Тойм: 2023.03.13, шийдвэр-03
Шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.25 129/ШШ2022/00702
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Х нь 2012 онд урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны хооронд төлж дуусгахаар С хуулийн этгээдтэй тохиролцон санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан бага оврын трактор худалдан авчээ.Гэрээ байгуулсан С хуулийн этгээд татан буугдаж М хуулийн этгээдэд эрх залгамжлал шилжсэнээр М хуулийн этгээд 2022 онд хариуцагч Х-ээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр, анз, нийт 3, 750,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Хариуцагч Х нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч М байгууллагын төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг эрх шилжсэн үеэс эхлэн тоолно, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.
Шүүх, өмнө нь Х-тэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан С хуулийн этгээд нь татан буугдахдаа өөрийн хөрөнгө, орлого, эрхээ М хуулийн этгээдэд 2022 онд шилжүүлсэн нь хариуцагч Х-с төлбөрийн үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу шинээр тоологдоно гэж үзэх үндэслэл болохгүй, гэрээнд зааснаар төлбөр шаардах хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн тоологдох тул М хуулийн этгээд нь хариуцагч Х-ээс гэрээний үүрэг шаардаж 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125603?daterange=2022-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа