ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ТАЛААР ҮҮССЭН МАРГААНЫГ ШҮҮХЭЭС ӨМНӨ ЗАСАГ ДАРГА ШИЙДВЭРЛЭНЭ
2023-11-15 Админ Хандсан тоо: 272 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2023.01.20, №102
Тоймын дугаар, огноо: 2023.02.08, №2
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн А нь иргэн С, К, В нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иргэн С, К, В нар нь газрыг хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй тул иргэн А-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж маргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч С-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ, “А-г газар эзэмшихтэй холбоотой маргаанаа зохих шатны Засаг даргад хандаж шийдвэрлүүлээгүй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. Нэхэмжлэгч А нь газар эзэмших, ашиглах эрхээ зөрчигдсөн талаар өөрийн оршин суугаа сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Газрын тухай хуульд, газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх бөгөөд тухайн албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.
Шүүх нэхэмжлэгч А-г газрын талаарх маргаанаа сумын Засаг даргадаа хандаж, шийдвэрлүүлээгүй, Газрын тухай хуульд заасны дагуу талуудын газар эзэмших ашиглахтай холбоотой маргааныг сумын Засаг дарга нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Мөн нэхэмжлэгч А-д уг маргааныг сумын Засаг даргадаа хандаж шийдвэрлүүлэх бөгөөд Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй болохыг дурджээ.
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Замын-Үүд Сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа