ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАХУУЛЬ АВСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ХАХУУЛЬ ӨГСӨН ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2026-08-20 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос нийтийн албан тушаалтан Б.Б, Д.С, О.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч нарын хилээр нэвтрүүлсэн ачааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслээс буулгахгүйгээр хурдан шалгуулах ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгсэлд ачигдсан ачааг буулгахгүйгээр шалгаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдад давуу байдал бий болгосон, Н.Т нэг удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлсэн ачаа, бараанаас шинжилгээ хийлгүүлэхээр авсан дээжид шинжилгээ хийх хугацааг хурдасгах, шинжилгээний үр дүнг гайгүй гаргуулах ашиг сонирхлын үүднээс шинжилгээний дээжийг тээвэрлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүргэж өгөх, шинжилгээ хийлгүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, иргэн Б.Б, Г.З, С.О, Г.Б, Б.Н нар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд тэдний худалдаж буй бараа эд зүйлийг худалдан авах замаар хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, - Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй халдвар хамгааллын шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт үүрэг гүйцэтгэж байх үедээ үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч 5 иргэний хяналт шалгалт хийлгэхээр мэдүүлсэн ачаа, бараагаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачаа, барааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах үүднээс хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг ашиг сонирхлын баталгаажуулж өгсөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 36 удаагийн үйлдлээр нийт 4,512,000 төгрөгийн хахууль авсан, -Б.О нь 2 иргэнээс 2 удаагийн үйлдлээр нийт 200,000 төгрөгийн хахууль авсан, -Д.С нь 3 иргэнээс 9 удаагийн үйлдлээр нийт 1,350,000 төгрөгийг хахууль авсан, - Н.Т нь 1 иргэнээс 1 удаагийн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан, - нэр бүхий 5 иргэн нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б, Д.С, О.Б, Н.Т нарт хахуул өгсөн нь тогтоогджээ. Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцод зааснаар “...нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг” нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор, Эрүүгийн хуульд зааснаар нийтийн албан тушаалтан “хахуул авсан”, түүнчлэн нийтийн албан тушаалтанд “хахуул өгсөн” бол гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Шүүх хэргийг 2 өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Б, Д.С, О.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Н.Т-г нэг удаагийн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуулыг авсан, нэр бүхий 5 иргэнийг нийтийн албан тушаалтан Б.Б, Д.С, О.Б, Н.Т нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулийг буцаан хэрэглэсэн болно 2017 оны 05 сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуульд зааснаар “хахуул авсан” бол нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хорих ялаар, -“хахуул өгсөн” бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тус тус заасан байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгийн торгох ялаар, Д.С-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000,000 төгрөгийн торгох ялаар, О.Б, Н.Т нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгийн торгох ял тус тус оногдууллаа. Харин “хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 5 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.
Тойм бэлтгэсэн: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа