ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЖИЛТНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ГЭРЭЭНД ЗААСАН ХУГАЦААНД ОЛГООГҮЙ НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
2026-08-20 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах
Шийдвэрийн огноо, дугаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.09-ний өдрийн 128/ШШ2025/0613 шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Б-аас “А” ХХК-нд холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсныг гомдол гаргагч “А” ХХК-аас эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гарган маргасан.
Хэргийн үйл баримтын тухайд, гомдол гаргагч “А” ХХК нь иргэн Э.Б-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, багшийн албан тушаалд, нэг сарын үндсэн цалин … төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр олгохоор харилцан тохиролцсон байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргаагүй, ажил хүлээлцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.3-д гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.1-д гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар гомдол гаргагч “А” ХХК нь тус байгууллагад багшаар ажиллаж байсан Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын цалингийн үлдэгдэл … төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 3 өдрийн цалин … төгрөг, нийт … төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийг ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэж заасан зөрчил гаргасан үндэслэлээр торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцжээ.
Шүүхээс “гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй байх бөгөөд ажилтан өөрөө цалингаа авахгүй гэж байсан, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад бүх цалингаа аваад л дуусгахаар тохиролцсон гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж дүгнэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19311?daterange=2025-09-01%20-%202025-09-09&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр