ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МОНГОЛ ХЭЛ МЭДЭХГҮЙ ХОХИРОГЧИЙГ ОРЧУУЛАГЧ, ХЭЛМЭРЧИЙН ТУСЛАЛЦАА АВАХ, ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ЗӨРЧИЛ ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЭРХЭЭР ХАНГААГҮЙ БОЛ ШИЙТГЭВРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2026-08-10 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026-06-29-ний өдрийн 2026/ДШМЗ/21
Шүүхийн шийдвэрийн тойм № 5, 2026-07-31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Хохирогчийн өмгөөлөгч шийтгэврийг эс зөвшөөрч, хохирогчийн эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангаж шийдвэрлэв. Учир нь, Зөрчлийн хэргийн хохирогч нь гадаад улсын иргэн байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч монгол хэл мэдэхгүй бол орчуулагч, хэлмэрчийн туслалцаа авах эрхээр хангагдана”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д ...хохирогч эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах”, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрх бүхий албан тушаалтан, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, түүнийг хэрэгжүүлэх боломжоор хангана” гэж тус тус заажээ.
Гэтэл хэрэгт хохирогч БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон байхад түүнд орчуулагч, хэлмэрчийн туслалцаа авах эрхийг тайлбарлаж, уг эрхээ эдлэх эсэхийг тодруулаагүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, мөн хохирогчид учирсан 80,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон байхад анхан шатны шүүх энэ талаар анхаараагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Энэхүү магадлалаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа монгол хэл мэдэхгүй хохирогчийг орчуулагч, хэлмэрчийн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангах, мөн хохирол нөхөн төлүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтан, шүүхийн үүрэг болохыг онцолжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://dornogovi-appeal.e-court.mn/.../a9250b59-0ced...
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс