ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ХАМТРАН АМЬДРАГЧДЫН ЭД ХӨРӨНГИЙН МАРГААНД ИРГЭНИЙ ХУУЛИЙН ГЭР БҮЛИЙН ДУНДЫН ӨМЧИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ
2026-08-10 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026-06-29-ний өдрийн 202/МА2026/00013
Шүүхийн шийдвэрийн тойм № 4, 2026-07-30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Нэхэмжлэгч Э нь хариуцагч С-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран амьдрах хугацаанд бий болсон орон сууцны үнээс хүүхэд А ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүхээс хүүхэд А-г эхийн асрамжид үлдээж, эцгээр хүүхдийн тэтгэлэг төлүүлэхийн зэрэгцээ орон сууцны үнийн 50 хувь буюу 67,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч болон хүүхдэд олгохоор шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч “... талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, маргаан бүхий орон сууцыг дангаараа өөрийн хөрөнгөөр бий болгосон тул миний өөрийн өмч, нэхэмжлэгч болон хүүхдэд орон сууц худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрт нь 40,000,000 төгрөгийг төлсөн, цаашид эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж бид гэрээгээр тохиролцсон” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх “...зохигчид хамтын амьдралын хугацаанд зохих ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй учир тэднийг гэрлэгчид гэж үзэхгүй, анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хариуцагч С-ийн хөрөнгө болох орон сууцны үнийн 50% буюу 67,500,000 төгрөгийг нэхэмжлэгч болон хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн нь шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Иргэний хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөж өөрчлөлт оруулж, хариуцагч С-ийн хөрөнгийг хуваасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь, Иргэний хуулийн125-130 дугаар зүйлүүдэд гэрлэгчдийн хооронд үүссэн аливаа маргаантай харилцааг шийдвэрлэхээр заасан, хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг заасан ба гэрлэлтээ батлуулаагүй бол эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 125-130 дугаар зүйлүүдийг хэрэглэхгүй, харин хамтын амьдралын хугацаанд хөрөнгө бий болсон бол Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар хэлцлийн үндсэн дээр дундын өмч бий болсон гэж үзэж шийдвэрлэх ба хэрэгт зохигчид “Амлалтын гэрээ”-г байгуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр хариуцагчаас 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн нь зохигчид хэлцлийн үндсэн дээр дундын өмчийн маргаанаа шийдвэрлэсэн байна гэж үзсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://dornogovi-appeal.e-court.mn/.../c80be1a6-c1bf...
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс