ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХГҮЙ ҮЕДЭЭ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЯВААД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖ, ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2026-07-09 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шүүхийн шийдвэрийн тойм: 2026.06.29№05

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шүүгдэгч А.Б-нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цаг, 55 минутын орчимд өөрийн эзэмшлийн 00-00 БӨН улсын дугаартай “Toyota camry” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн .... сумын ... дугаар /... / багийн нутаг дэвсгэр, аймгийн төвөөс “Өлгий Ойл” шатахуун түгээх станцын чиглэлд, хатуу хучилттай, асфальтан замаар замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож, аюулгүй байдлаа сайтар хангахгүйгээр урдаа явсан хохирогч З.Ж-гийн эзэмшлийн ...БӨН улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, тухайн тээврийн хэрэгслийн зүүн хажуу талыг хүчтэй мөргөж, тэр эрчээрээ тухайн тээврийн хэрэгслийг 30 орчим метр газар түрж яван, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч З.Ж-гийн эзэмшлийн .... БӨН улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд тал, жолоочийн хажуугийн, зорчигчийн суудалд зорчиж явсан, 17 настай Б.А-гийн амь насыг хохироож, тээврийн хэрэгслийн жолооч З.Ж-гийн эрүүл мэндэд “Баруун чамархай яснаас доош хөхлөг сэртэн, суурь яс суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахнойд зайд, суурийн самалдаг хөндийд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү ясны баруун үений толгой, их бие хэсгийн зөрөөтэй хугарал, баруун доод 1, 6-р шүдний булгарал, амны хөндийн ил шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан,

Мөн өөрийн эзэмшлийн ....БӨН улсын дугаартай “Toyota camry” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Р.Б-гийн эрүүл мэндэд “Баруун дунд чөмгөний диафизын дунд 3/1-н хоёрчлогдсон сэлтэрхий бүхий зөрүүтэй далд хугарал, зүүн шуу, богтос ясны дисталь хэсгийн хөндлөн зөрүүтэй далд хугарал гэмтэл” бүхий амь насанд аюултай, хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Ж-гийн эрүүл мэндэд “Зүүн шуу ясны битүү хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүхээс шүүгдэгч А.Б-г 2025 оны 4 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цаг, 55 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Баян-Өлгий аймгийн ... сумын ... дугаар /.../ багийн нутаг дэвсгэрт .... БӨН улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ....БӨН улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь насыг хохироосон нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Мөн шүүгдэгч А.Б-нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал буюу бодит хохирол, хор уршигт 7.860.450 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 16.000.000 төгрөг, хохирогч А.Ж-гийн сэтгэцэд учирсан хор уршигт 2.376.000 төгрөг, хохирогч З.Ж-д учирсан бодит хохиролд 1.500.000 төгрөг, нийт 27.736.450 төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-аас сэтгэцэд учирсан хор уршигт 102.800.000 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д, гэмт хэргийн хор уршигт 13.373.770 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 15.840.000 төгрөг, нийт 29.213.770 төгрөг гаргуулж, хохирогч З.Ж-д, насанд хүрээгүй хохирогч Р.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршигт 7.128.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-д,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 12.607.654 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .... тоот дансанд тус тус нөхөн төлүүлэхээр тогтоож, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Насанд хүрээгүй хохирогч Р.Б, хохирогч З.Ж нар нь цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл, эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж, шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч А.Ж, иргэний нэхэмжлэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Е нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа

https://courtbu.mn/site/decision_full/37