Нутаг дэвсгэрийн харьяалал тогтоогдсоны дараа харьяаллын бус газарт гаргасан захиргааны акт илт хууль бус болно
2026-07-01 Админ Хандсан тоо: 26 Хуваалцах

Шүүхийн нэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Хэргийн индекс: 159/2024/0052/3

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангиас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад холбогдуулан Тэба гацуур ХХК-д Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газарт мод бэлтгэх эрх олгосон захиргааны актуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байсан бөгөөд тухайн газрын харьяаллын талаар маргаантай байхад буруу бүртгэгдсэн хилийн цэсийн мэдээлэлд үндэслэн удаа дараа захиргааны акт гаргасан нь илт хууль бус гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актууд хэрэгжсэн тул цаашид ижил агуулгатай захиргааны акт дахин гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрсдэлээс сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа "хууль бус байсан болохыг тогтоолгох" гэж өөрчилсөн байна.

Хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргах үед Газрын мэдээллийн нэгдсэн сангийн хүчин төгөлдөр бүртгэлээр тухайн газар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт бүртгэлтэй байсан тул уг бүртгэлд үндэслэн шийдвэр гаргасан, хилийн цэсийн зөрүү нь "Хонгорын даваа" эргэлтийн цэгийг газарзүйн хувьд өөр байршилд тэмдэглэснээс үүссэн бөгөөд хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 73 дугаар зарлиг, Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийг тогтоосон байхад газарзүйн нэрийг үндэслэн хилийн цэсийн мэдээллийг өөрчилснөөс газрын мэдээллийн нэгдсэн сан дахь бүртгэл алдаатай болж, маргаан үүсэх үндэслэл болжээ.

Улмаар маргааныг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг архивын баримт, хээрийн хэмжилтэд тулгуурлан тухайн газрын бодит харьяаллыг тогтоож, уг дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 дугаар албан бичгээр холбогдох аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсний үндсэн дээр газрын мэдээллийн нэгдсэн сан дахь хилийн цэсийн бүртгэлийг Улсын Их Хурлын тогтоолд нийцүүлэн зөвтгөн өөрчилсөн байна.

Энэ маргааны гол эрх зүйн асуудал нь нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга өөрийн харьяалалд үл хамаарах газарт захиргааны акт гаргасан нь хуульд нийцэх эсэх байна.

Шүүхээс газрын мэдээллийн нэгдсэн сангийн тухайн үеийн бүртгэлд үндэслэн гаргасан өмнөх захиргааны актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, харин эрх бүхий байгууллагаас маргаан бүхий газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг албан ёсоор тогтоож, холбогдох аймгуудын удирдлагад мэдэгдсэний дараа хариуцагчид өөрийн харьяалалд үл хамаарах нутаг дэвсгэрт ижил агуулгатай захиргааны акт дахин гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд эрх бүхий байгууллагаас өөр аймгийн нутаг дэвсгэр болохыг албан ёсоор тогтоож мэдэгдсэний дараа өөрийн харьяаллын бус нутаг дэвсгэрт ижил агуулгатай захиргааны акт дахин гаргасан нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Тоймыг бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг