ОНЦ ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР БЭР ЭГЧИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 20 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ
2023-09-15 Админ Хандсан тоо: 166 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.08.29 № 226 Шт

Шийдвэрийн тойм №01

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Аймгийн Прокурорын газраас Б-г тус аймгийн Л сумын нутаг А гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан.

Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эмнэлгийн тусламж дуудсан боловч амь хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байх ба Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/78878?daterange=2022-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч П.Гандолгор, Б.Отгонцэцэг, Г.Энх-Амгалан