ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2026-07-01 Админ Хандсан тоо: 33 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №10
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолоор:
Б.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхээс тогтоосон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Харин, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хувийн байдалтай холбоотой буюу эрүүл мэндийн нөхцөл байдал, үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.
Учир нь, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан шинжид хамаарах бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг “нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял” шийтгэхээр хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа