ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАНКНЫ АЖИЛТАН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙН ТҮҮХ, ДАНСНЫ ХУУЛГЫГ ЗАСВАРЛАЖ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ҮЙЛДЛИЙГ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗНЭ
2026-06-30 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.17-ны өдрийн 2026/ДШМ/15 дугаар магадлал.
Тоймын дугаар, огноо: №07, 2026.04.25.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Хэргийн агуулга: Шүүгдэгч И.Н нь Төрийн банкны салбарт харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус банкнаас гарааны бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл авах зорилгоор өөрийнхөө 79,400,000 төгрөгийн зээлийн мэдээллийн лавлагааг засварлаж, мөн ХААН банк дахь өөрийн дансны 111 удаагийн гүйлгээ буюу хуулгыг өөрчлөн засаж банканд гаргаж өгчээ. Уг хуурамч баримтуудыг үндэслэн тэрээр 195,000,000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэйгээр гаргуулан авч, банканд их хэмжээний хохирол учруулсан байна.
Анхан шатны шүүхээс И.Н-г “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн (Эрүүгийн хууль 17.3-2-2.1, 2.2) гэм буруутайд тооцож, 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, зээлийн үлдэгдэл 179,087,766 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж банканд олгохоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “зээлээ хуваарийн дагуу төлж байгаа, залилах санаа зорилго байгаагүй” гэх үндэслэлээр цагаатгуулахаар давж заалдах гомдол гаргасан.
Шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ: Шүүгдэгч нь Төрийн банкны өмчлөлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үндсэн дээр хариу төлбөртэй, хүүтэйгээр шилжүүлэн авч, тодорхой хэсгийг хуваарийн дагуу эргэн төлсөн боловч банкны дотоод журамд заасан зээл олгох шаардлагыг хангахгүй атлаа баримт бичгийг засварлаж, банкийг “зээлдэгч нь зээл авах шаардлага хангасан, эргэн төлөх чадвартай” гэсэн төөрөгдөлд оруулсан.
Гэмт хэргийн шинж: Шүүгдэгч зээлийн лавлагаа болон дансны хуулгыг засварлах замаар бодит байдлыг нууж, зээл олгох шаардлага хангасан мэт банкийг төөрөгдөлд оруулсан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан. Тэрээр авсан зээлээ бүхэлд нь буцааж өгөхгүй байх санаа зорилгогүй байсан ч, тухайн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг ашиглаж үр шимийг нь хүртэх, гарааны бизнесийг дэмжих зээлээр тээврийн хэрэгсэл авч ашиг олох, улмаар зээлийн үр шим, ашиг хонжоог өөрийн өмчлөлд авах гэсэн шунахайн сэдэлтээр их хэмжээний зээлийг авсан нь тогтоогджээ. И.Н нь банкны зээл олгох үйл ажиллагаа, дотоод хяналтын тогтолцоог сайн мэддэг менежер гэх албан тушаалын байдлаа ашиглан шунахайн сэдлээр гэмт санаагаа хэрэгжүүлсэн байна.
Хохирол, хор уршиг: Шүүгдэгч зээлийн гэрээгээр шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг эргэн төлснөөс үл хамаарч, анх банкнаас залилж авсан нийт зээлийн хэмжээгээр хохирлыг тооцох бөгөөд энэ нь “их хэмжээний хохирол”-д хамаарна. И.Н нь зээлийн гэрээний дагуу ашигласан мөнгөн хөрөнгийн үнэд төлсөн 48,277,964 төгрөгийн хүү, 31,577 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг эдийн засгийн үр ашгийн хувьд гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцох ба шүүгдэгчээс зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлж байсан ч тухайн хөнгөлөлттэй зээлийг хууран мэхлэх замаар авч, түүний үр шим, ашиг хонжоог өөрийн өмчлөлд авах гэсэн шунахайн сэдэлтэй байсан тул ийнхүү төлсөн зээл, зээлийн хүүг хор уршигт хамааруулсан байна.
Зүйлчлэлийн ялгаа буюу өрсөлдөгч хэм хэмжээ: Шүүгдэгч өөртөө зээл олгох ажиллагаанд албаны чиг үүргийнхээ хувьд оролцоогүй, харин банкны харилцагчийн хувиар хууран мэхлэх арга ашигласан тул энэ нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” (Эрүүгийн хуулийн 22.12) гэмт хэргийн шинжгүй, харин үйлдэлдээ шунахайн сэдлээр давамгай хандсан тул түүний үйлдэл “Залилах” (Эрүүгийн хуулийн 17.3) гэмт хэрэгт тооцогдоно гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/24926?daterange=2026-01-01%20-%202026-06-30&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек