ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Цахим орчинд хууль бусаар халдаж мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрчилбөл гэмт хэрэгт тооцно
2026-06-22 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2026.05.18-ны өдрийн № 190 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 03, 2026.06.18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Э нь Х компанийн зээлийн аппликейшн буюу цахим орчинд хууль бусаар халдаж, бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягийг Б-ын зөвшөөрөлгүйгээр сольж өөрчлөн Б-д мэдэгдэхгүйгээр зээлийн эрхийг ашиглан худалдан авалт хийж, 2,339,317 төгрөгийн хохирол учруулсан байна.
Кибер буюу цахим орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг гэдэгт бусдын хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд компьютерийн техник хэрэгсэл ашиглан эсхүл тусгай программаар дамжуулан хууль бусаар халдаж, мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж, цаашилбал төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдлийг ойлгоно.
Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э нь үргэлжилсэн үйлдлээр Х компанийн зээлийн аппликейшн буюу цахим орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмнөөс хууль бусаар халдаж, бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягийг нь сольж өөрчилсөн, улмаар аппликейшнээс Б-д мэдэгдэхгүйгээр түүний зээлийн эрхийг ашиглан нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч удаа дараагийн худалдан авалт хийж, 2,339,317 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Шүүх шүүгдэгч Э-г Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж засварласан, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/137244?daterange=2026-01-01%20-%202026-06-19&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма