ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСНИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-09-15 Админ Хандсан тоо: 163 ХуваалцахШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.10.19 №266 ШТ
Шийдвэрийн тойм №05, 2023.04.25
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга: Аймгийн Прокурорын газраас Б-г "У” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн сонгон шалгаруулалтын аргаар сонгох хуулийн заалтыг зөрчиж "С” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ипсон Эс-360 маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Делл маркийн суурин компьютерыг 184.800 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч орон нутгийн өмчит компанийн төсөвт хохирол учруулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэх судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б-г өнгөт принтер болон суурин компьютерыг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч төсөвт хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар "Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 10 сая төгрөг байхаар тогтоосон ба 2019 оны 01 дүгээр сард дээрх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 10 сая төгрөгөөс бага буюу 2.827.000 төгрөгийн барааг нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр үнийн судалгаа хийж худалдан авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-г цагаатгаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/81359?daterange=2022-10-19%20-%202022-10-19&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг