Хугацаатай хөдөлмөрийн гэрээний нийт хугацаа хоёр жилээс дээш бол ажилтныг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль бус
2026-06-05 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим

Шийдвэрийн дугаар: 2025.12.11 №001 /ХТ2025/00230

Тоймын дугаар, огноо: №82 /ИХТ-29/ 2026.06.04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Т  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: “...Хөдөлмөрийн гэрээний хугацааг төслийн хугацаагаар байгуулан ажилласан ба 2022.10 сард ажлаас халагдсан. 2024.06.06-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон боловч 2024.12 сард хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас халагдсан. “Н” ХХК-ийн “ЭТТ” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан боловч уг гэрээг 36 сараар сунгасан, хариуцагч одоо хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа...” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: “...Анх туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээний хугацаагаар ажиллуулна гэж тохирсон, ажилтанд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, 2024.12.22-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй ажлын цалинг нь олгосон. Хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх: “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.Т-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүргийг хариуцагч хүлээхгүй, ажлаас халсан тушаалыг хуульд зааснаар бичгээр гаргаж, ажилтанд гардуулсан бөгөөд тушаал хуульд заасан шаардлагыг хангасан, хариуцагч нь “ЭТТ” ХК-тай ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан тул хөдөлмөрийн гэрээ мөн хугацаагаар сунгагдах талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хяналтын шатны шүүх: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш болсон бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч Б.Т нь 2021 оноос хойш хариуцагч байгууллагад ажиллаж, хөдөлмөрийн харилцаа хоёр жилээс дээш үргэлжилсэн байна. Түүнчлэн ажил олгогчийн гүйцэтгэж буй уурхайн ажил үргэлжилж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр шаардлагагүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.4-т нийцээгүй, хууль бус байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=48374

 

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг